ХАР ЦЭЦЭГ /Аймшгийн өгүүллэг/

... Бороо цутгаж байв. Зуны улирал атал цаанаа л нэг жиндүүхэн бөгөөд гудамжаар холхих хүмүүс цөм дүнсийж ууртай царайлан хаа нэг тийшээ яарна. Өнөөдөр чинь ямар гээчийн өдөр вэ? 
...Хаа сайгүй замын түгжрээ, уурлаж хашхичсан жолооч нарын дуу бүр дээд цэгтээ хүрч бие бие рүүгээ чанга чанга зандарна. Зэвхий тэнгэрээс цутгах их усан дуслууд хэзээ ч дуусч дундрахгүй нь уу гэлтэй цутгасаар л. Уг нь бороо ороход хүмүүс баярладаг байтал энэ удаа шал эсрэгээрээ. Бүгд л айдас түшүүр ямар нэгэн бухимдалд автжээ. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хажуугаар өнгөрөөд Тэнгис кино театрын хойно байрлах гэрийнхээ зүг явж байгаа Сэлэнгээгийн нүдэнд залуухан эх тав орчим насны болов уу гэмээр жаахан хүүхдээ ямар ч хайр энэрэлгүй зодож бахируулах нь өртөв. Ийм залуухан, бас давгүй царайлаг энэ туранхай бүсгүйд өрөвдөх сэтгэл гэх юм ер алга аа. Энэ хүйтэн борооноор нимгэн хувцасласан жаахан хүү ээж ээ хэмээн аврал эрэн сарвалзаж газар хэвтэх авч өнөөх бүсгүй хүүг үг дуугүй дэвслэн өшигчих нь Сэлэнгээд аргагүй аймшигтай санагдаж байлаа. Хамгийн гайхалтай нь түүний хажуугаар өнгөрөх хүмүүс “Хүүгээ зодож байгаа эх бидэнд ямар ч хамаагүй” гэж үзсэн үү эсвэл бүр анзаарсан ч үгүй юу ямартай ч огтхон ч эмзэглэсэнгүй, бүр тоож ч харсангүй. 

ХӨРГӨГЧ /Аймшгийн өгүүллэг/



Хөргөгчний моторын хүнгэнэсэн чимээ яагаад ч юм Бурмаагийн нойрыг бүр хулжааж орхижээ. Уг нь зүгээр л нэг хөргөгчний дуу шүү дээ. Энэ шөнө Бурмаагийн дүү нь түүнтэй хань болж хонож байгаа бөгөөд хааяа хааяахан зөөлхөн хурхирах чимээ гарах нь Бурмаагийн жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулах мэт. Хэрвээ үе үе дуулдах дүүгийн нь хурхирах амьсгалах чимээ гарахгүй байсан бол Бурмаа гэрээсээ гараад гүйхэд бэлэн байсан биз. Өөрийгөө чухам яагаад айгаад байгаагаа сайн ойлгохгүй байгаа ч сүүлийн үед өөрийнхөө жихүүцсэн сэтгэлийг тайтгаруулж чадахаа ер больжээ. Нөхөр нь нас бараад зургаахан сар болж байгаа түүний хувьд харин хаа очиж ганцаардаж нөхрөө үгүйлээд байхаа хэдийн больсон. Чухам яагаад ч юм бүү мэд нөхрөө ослоор өөд болоход нь бүр тэгтлээ их харамсаагүйгээ бодохоор Бурмаа өөрийгөө хааяа гайхаад бардаггүй ажээ.